Оройгүй Сүм

Naarah Mungunbaatar
6 min readJan 31, 2022

--

Би энэ гарчиг дээрээ толгой нь дэлбэрч байгаа 3 эможи ард нь зүймээр байна кк… Энэ номыг Монголын Нууц Товчоотой хамт Монгол хүн бүр гэртээ залаад, бүгд уншаасай… ^o^

Юуны өмнө, Оройгүй Сүм номыг дөнгөж уншиж дуусгасан байгаа болохоор яг одоогийн байдлаар маш их харамсах, өрөвдөх, гуниглах, өмнөөс нь уйлмаар гээд нэгэн зэрэг олон сэтгэгдэл төрж байна. Санжийнхаа аав ээжийг гүнээ өрөвдлөө. Та хэд юуны тухай гардгийг өөрсдөө олоод заавал уншаарай.

Монголын түүхэнд Чингис хаан маань тангадуудтай угийн өстэй байсныг хэр олон хүн мэдэх бол? Чингис хаанТангуд улс мөхөөгүйг өглөө бүр сануулж бай” гэсэн байдаг даа? Энэ үг хаа нэгтээ балартаж, Тангуд улсыг мөхөөх нь битгий хэл толгой дээрээ залж, бишрэн хүндэлсэнд нь айх гайхах сэтгэл төрөөд байх юм.

За юутай ч ном руугаа ороё:

Номын эхлэл хэсэг нь Библи дээр Ханна хүүтэй болохыг хүсээд удсанд, хүүхэдтэй болох л юм бол Бурханд өргөнө гэж шийдээд, тэгээд Самуел төрж байсан хэсгийг өөрийн эрхгүй бодогдуулав. Ядуу нэгэн гэр бүлд Санж хүү айлын ганц хүү болж төрөх ба багаас сүм хийдэд шавилан сууж, урагшаа Төвдөд сурахаар явах юм.

Энэ хүүг за юу сурсан байна, Төвдөд очиж ямар нэг эрдэм мэдлэг, сайн зүйл л сурах байх гэж төсөөлж сониучирхаж байсан ч түүний амьдралын түүх хар бараан зүйлсээр дүүрэх тусам өмнөөс нь харамсаад барахгүй, аав ээжийг нь өрөвдөөд барахгүй бүр нулимсан далай болоодохлоо. Эвий эвий. Энэ хүү хэрэв том том их сургууль руу явж сурсан бол эх орондоо цоороод, цойлж байх байсан байх… Харин нэгэнт Төвд нутагт очиж, цуг явсан багш болон Халх Монголчуудынхаа зовлон зүдүүр, үхэл хагацлыг, Монголдоо ирээд ч эцэг эх, хайртай хүнээсээ хагацахын зовлонг үзсэн байх юм… аяаа.. юутай гашуун.

Болдогсон бол тэр үед нь очоод Санж хүүг хамгаалаад Төвдүүдтэй дайн зарлаад хэрэг зарга үүсгээд, шүүхдэлцэхсэн… /Би ер нь ном, кино үзсэн дотор нь бүрэн орчихдог болохоор тухайн үеийн сэтгэл мэдрэмжээсээ салж чадахгүй их уддаг ёстой байгаа лол/

Ингээд номоос авсан чухал санаа ойлголтуудаа хуваалцая. Юутай ч дотор маань бүр нэг уур бухимдал, харуусал төрсөөр л..

  1. Зохиолч маань Санж гэцлийн амьдралаар Төвдөөс гаралтай Буддын шашны үнэн мөнийг гаргаж ирсэн мэт санагдлаа. Би чинь одоо аав ээжийгээ дагаад сүм хийд зөндөө л орж явсан хүн боловч нээрээ л нэг удаа, Яагаад заавал Санскрит хэлээр ном хурах ёстой гэж? Яагаад Монгол хэлээр уншиж болохгүй гэж? Яагаад лам дээр очих ёстой? Яагаад ном уншуулах? Ном яг юу гэсэн агуулгатай вэ? гэх мэтчлэн асуудаггүй, зүгээр л энэ байх ёстой зүйл, асуувал алдас болно гэж өссөн байх юм. Одоо Буддын шашинтай биш ч хэн нэгэн, тогтсон заншил, зан үйл, зэрэгт яагаад? гэж асуухгүй байх нь өөрөө шашны нэгэн хязгаарлагдмал бодол байна уу даа л гэж бодлоо. Ум ма ни бад мэ хум гэдгийн утгыг мэдлээ, зарим судрын уншлага нь тухайн бурхнаа магтсан, биширсэн маягтай байдаг юм байна. Багад маань эмээгийн зааж өгсөн тарни гээд л ухаан мадаггүй цээжлээд явж байснаас биш, нэг ч удаа эмээгээс утгыг нь асууж байгаагүй байна гэдэг чинь юу гэсэн үг үү? Ерөөс л хараар, сохроор л дагаж байсан байгаа юм л даа…
  2. Номын ухаанаас амьдралын ухаан илүү гэж... Санжийн хувьд залуу халуу насаа Төвдөд ном цээжилж, ном хаялцаж, оройгүй эрдэмд сурсан ч тэрээр Төвдөөс зугтаж явах үедээ хамт явсан хүнийхээ амьдралын ухааныг биширч явдаг. Түүний сурч цээжилсэн эрдэм ном нь амьдралд түүнийг аврахаар эрдэм байсангүй, харин хамт явсан хүнийхээ амьдралын ухаанаар л харгис Төвдийн орноос амь мултарч ирдэг. Мөн нэгэн үе Санжийн бие муудаж, лам багш нар нь эдгээж чадалгүй, эцэстээ “энэ хүний сүнс нь төөрчээ..” гэж багш нь түүнийг үхэлд даатгах боловч бэрээмэг эмээ түүнийг ардын ухаан, шимтэй хоолоор босгоод ирнэ. Хэрэв тэр эмээ байгаагүй бол манай Санж үхэх л байсан даа хөөрхий… Эндээс ер нь л амьдралын ухаанд суралцах минь л гэж бодлоо… Энэ чинь их чухал эрдэм юм байна таминь.
  3. Хэрсүү байх хэрэгтэй… Ёооо гэнэн байх уршигтаййййй… Хүмүүс муу юм санаж байх боломжтой, хүн бүрт итгэж, долоон голоо тойчих хэрэггүй гэдгийг ямар сайн харуулаа вэ?хаха. Манай Санжийн нэг “найз” нь үнэндээ түүнийг тагнах зорилготой багшийнх нь томилсон хүн нь дайсан, дайсан гэж бодсон хүн нь үнэнч нөхөр болж таардаг… аяааа… Халх Монголдоо ирсний дараа бусад лам нар нь атаархал атгаг санаа тээж явааг нь Санж даанч мэдэхгүй, зүгээр сууж байгаал хайртай хүнээ хорлуулуулаад, өөрөө сохирчих юмдаа… Ийййй аймар.

4. Эцэг эх бол хайр ёоом… Санжийн аав ээжийн сэтгэл нь арай л цайлган, хөөрхий аав нь хүүгээ хамба лам болсонд нь бөөн баяр болоод л, бөндөгнөөл, бөхөлзөөд л, тэр нь нүдэнд харагдаад ёоо бүр сэтгэлийнхээ углуургаас өрөвдлөө. Эвий минь. T_T

Санж багаас эцэг эхийн халамжаас гараад хүний нутагт суух боловч, тэр очсон газар нь асар их дарамттай, харгис хатуу, яавч эрүүл биш нийгэм. Ямар ч хүн хүүхдээ ямар газар яаж байхыг нь урьдчилж мэдсэн бол бүр явуулахаас айна. Гэтэл Санжийн аав ээж нь хөөрхий тийм аймар газар луу баяр хөөр болгоод, сайныг ерөөгөөд л явуулна. Мэдээж аав ээжийг нь буруутгах аргагүй.

Тэр газар бол хүний ёсноос гажууд нийгэм байх юм. Санжийн нэг шашны хөгжим тоглодог найз нь гудамжинд холхих амьд хүмүүсийн толгойн дүрс, чөмөгний ясыг нь хараад, шашны хөгжим хийх юмсан гэж бодох? Ёоо бүр арай арай… Тэгээд бүр нэг залуугийн тархины хэлбэр нь үнэхээр өвөрмөц сайхан хөгжим болохоор харагдсан тул тэр залуугийн амийг хороосон байгаа юм… Пээ бүр бүү үзэгд биз дээ? Хүний амь нас үнэ цэнэ гэдэг бол тэнд алга. Хүн өөд болвол хэдэн хэсэг болгоод тас шувуунууд хооллох жишээний… Үхлийн муухай үхэл гэвэл тэр л байх.

Тэр муу хар багш нар бас жижигхэн хүүтэй хахир хатуу муухай хандахыг нь яана? Манай Санж Төвд хэлд их сайн тул бурхныхаа номыг Монгол хэл дээрээ уншсан биш багш нь түүнийг бүтэн 15 өдөр гороо хийж сүм тойрч мөргөн алхах ял өгвөл яах уу? Уур хүрмээр…Эцэг эхээ санахад нь бэрээмэг эмээ л нөмөр нөөлөг нь болсон доо кк Тэр тэнэг багш нар нь яахлээрээ ийм муухай хатуу сэтгэлтэй байдаг байнаа? “Төвд хүмүүс харгис дээрэнгүй, зүрхнийх нь хорон муу санаа гүнзгий” гэсэн нь аргагүй зөв зүйрлэл болж..

Хамт явсан Халх Монголчууд нь Төвдүүдэд дээрэмдүүлж, олзлогдож, амиа зарим үед алдана. Олзлогдсон 2 Халх залуугаас Бөхмагнай арай гэж амьд үлдэнэ. Нөгөө залуу нь шоронд хоригдож байхдаа үхэр оготнод идүүлж үхнэ. Ерөөс энэ номд буддын шашинд гүнээ сүсэглэн явсан хүмүүс багадаан тонуулж байна, ихдээн амиа алдаж төгсөж байгаа нь сүүрс алдам гунигтай…

За тэгээд би уул нь Санж арай гэж эх орондоо ирлээ, одоо л нэг аятайхан амар жимэр болох байх гэж бодсон ч байдал улам л дордох… Сүм хийдийг тойрсон хар бараан явдлууд үргэлжилсээр манай Санж эцэстээ сүмээс хөөгдөж, хараагүй болж хайртай гэр бүл, бүх хүнээсээ хагацаж дуусах юмаа…

Ёооо ийм төгсгөл гэж юу байсым бэ ер нь? Ёстой нэг… минийхээр бол Санж Отгонтой гэрлээд үр хүүхдээ хараад тэр их зовлон хагацлын дараа жаргах ёстой байсан. Гэтэл түүний зовлон нэмэгдсээр цөл газар сохорч дуусах...

Магадгүй зохиолч үүнийг л хүссэн байх л даа… Буддын шашин Монголчуудыг хэрхэн сохолж байгааг, энгийн ардын гэр бүлийг айдсаар хэрхэн дарлаж, цөлмөж, сүйрүүлж байгааг л харуулах гэсэн байх…

Хэрэв Санж хүү Төвд рүү явалгүй аав ээжийнхээ дэргэд байсан бол гэж бодохоор л… Магадгүй тэр хайртай хүнтэйгээ гэр бүл бүтээх байсан байх. Магадгүй тэр ээжийгээ амьд дээр нь гэр оронгоо босгож тэтгэх байсан байх. Эхийгээ өөрийнхөө гар дээр нүд аниулах байсан байх. Аавынхаа ажлыг хамжаад гэр бүлээрээ аз жаргалтай, элэг бүтэн олон жилийг элээх байсан байх…

Харин түүний очсон газар нь бурханы биш бугийн орон байлаа гэж эцэстээ тэр дүгнэнэ. Аав ээж нь ямар ч газар луу явуулж байгаагаа ч мэдэхгүй, хүүгээ лам болгоно гэж хөөрцөглөсөн ч эцэстээ дүгнэхэд түүний явсан газар, итгэсэн шашин нь эргээд энэ гэр бүлийг ниргэчих шиг л санагдах юм…

Эцэст нь, сохроор итгэл бишрэл сүсэгтэн бололгүй, яагаад гэдэг асуултын хариултыг эрэлхийлж, эрдэм мэдлэг, хэрсүү чанарт суралцах хэрэгтэй мэт… Энэ нь ер ямар ч шашинд хамаарах байх… Будда, Христ, Муслим хамаагүй, яагаад гэдэг асуултанд өөртөө заавал хариулт авч байж итгэл бишрэлтэй болоорой гэж захичихвуу гэж харлаа…

--

--

Naarah Mungunbaatar
Naarah Mungunbaatar

Written by Naarah Mungunbaatar

curious, full of wonder, deep, thinker, free-spirited, unique, thanksgiver

No responses yet